ИТАЛИ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТИЙН БҮЛГИЙН ГИШҮҮД, ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДЭД ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн парламент дахь Итали, Монголын парламентийн бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдэд хүндэтгэлийн зоог барив.
Энэхүү зоогт Италийн парламентийн төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Эдийн Засгийн хөгжлийн дэд сайд Иван Скальфаротто, Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд Дорина Бьянки, Итали, Монголын парламентийн бүлгийн дарга, сенатч В.Кардинали, төлөөлөгчдийн танхимын гишүүн Ф.Порто, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Азийн газрын тэргүүн дэд захирал У.Астута нарын албаны хүмүүс оролцов.
Элчин сайд Ц.Жамбалдорж, Эдийн Засгийн хөгжлийн дэд сайд Иван Скальфаротто нар зоог дээр харилцан үг хэлэв.
Элчин сайд Ц.Жамбалдорж үгийнхээ эхэнд Монгол-Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн үнэт цаг, хүчин чармайлтыг зориулдаг Монголын андуудыгаа ЭСЯ-ны байранд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд Монгол-Италийн найрсаг харилцаа шинэ шатанд гарч, цаашид улам өргөжин хөгжих хандлагатай болсоныг онцлов.
Мөн энэ оны 4 сард Монгол-Италийн ЗГХК-ын хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хоёр талын харилцааны өргөн хүрээтэй асуудлуудаар илэн далангүй ярилцсаныг дурьдав.
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скальфаротто Монголын Үндэсний баяр наадмын өдөр ЭСЯ –ндаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн Элчин сайд Ц.Жамбалдорж болон хамт олонд талархаж буйгаа илэрхийлээд Монгол ахан дүүсдээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр Монгол Италийн харилцаа цаашид улам өргөжиж, эдийн засгийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэх боломж, гарцын талаар судлахаа илэрхийлэв.
Мөн өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Италийн ЭСЯ нээгдсэн нь хоёр талын харилцаанд ахиц гарч буйн илэрхийлэл болохыг онцлоод цаашид бүхий л шатанд харилцаа, холбоогоо өргөжүүлж, илүү нягт хамтран ажиллахыг хүсч буйгаа илэрхийлэв.
Дашрамд дурьдахад тус Элчин сайдын яам хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох 2020 онд Монголын түүх соёлын тухай томоохон үзэсгэлэнг жилийн турш Италийн томоохон хотуудад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд Италийн соёлын жилийг мөн онд Монгол Улсад зохион байгуулах саналтай байгаа юм.
Түүнчлэн ЭСЯ-наас Италийн Соёлын өв, аялал жуулчлалын яам болон холбогдох газруудтай хамтран хоёр талын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаарх өдөрлөгийг энэ оны 10 дугаар сард Ром хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.