“GIFFONI FILM FESTIVAL” КИНО НААДАМД МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Жил бүр 100 мянган орчим үзэгч үзэж сонирхдог, дэлхийн хамгийн томоохонд тооцогддог хүүхдийн “Giffoni Film Festival” кино наадам энэ 7 сарын 16-22-ны өдрүүдэд уламжлал ёсоор Италийн Салерно хотноо болж өнгөрөв.
Уг кино наадам нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа дэлхийн 50 гаруй орны 500 гаруй уран бүтээлч өөрсдийн киног үзэгч, шүүгчдэд толилуулав.
Энэ жилийн кино наадамд Монгол Улсаас “Чингисийн хүүхдүүд” бүх насны ангилалд, “Цагаан хадаг” кино 13-15 насны ангилалд тус тус өрсөлдөв.
“Чингисийн хүүхдүүд” киноны тухайд маш өндөр шалгууртайгаар олгодог насны ангилал болох General Audiences буюу "Бүх насны үзэгчдэд" гэсэн ангилалд багтаж чадсан нь томоохон амжилт болсон байна.
Өөрөөр хэлбэл насны ангилал өргөн байх тусмаа олон үзэгч үзэж болдог бөгөөд кино зах зээлд ашиг орлого олох том боломж нээлттэй болдог аж.
Ингэснээр Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, улмаар гадаадын зах зээлд бүтээлүүдээ хүргэх боломж нээгдэж буй онцгой үйл явдал юм.
Тус киног бүтээхэд Америк, Турк улсын уран бүтээлчдийн багийг урьж оролцуулж, зураг авалтын дараах үйлдвэрлэл буюу пост продакшнийг АНУ-д хийж, 2-р сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ анх гаргасан зэргийг дурдууштай.
“Giffoni Film Festival” наадмын үеэр толилуулах үеэр тус бүтээл нь олон орны төлөөгчдийг зүрх сэтгэлд хүрч чадсан аж.
“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын бүтээл юм.
Энэхүү киноны найруулагчаар Д.Золбаяр, продюсераар p.g.a Д.Ангараг, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг нар ажилласан бөгөөд дүрүүдэд Д.Доржсамбуу, Д.Дорж, Д.Шаравдорж, Б.Батмэнд, Р.Анхням, Britanny Belt нар тоглож, олон улс дахь кино наадмын ажлыг нь соёлын дистрибютер, доктор профессор Д.Цэнгэл ажиллажээ.
“Чингисийн хүүхдүүд” кинонд монгол үндэсний эрийн гурван наадмын нэг морь уралдах соёл, уламжлалын тухай өгүүлж, хурдан морь унадаг хүүхдүүд тэсвэр хатуужилтай, амьтан, байгаль дэлхийгээ хайрлаж, мал ахуй, байгаль цаг уурын мэдлэгтэй олдог талаар тус кино харуулсан байна.
“Чингисийн хүүхдүүд” ерөнхий зураач, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Т.Гоошийг БНИУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны хамт олон хүлээн уулзаж, хүндэтгэл үзүүлэв.