“МОНГОЛЧУУД XIY ЗУУНД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам, Италийн Наполи хотын Дорно дахин судлалын Их сургууль, Наполи хотын Үндэсний номын сан хамтран “Монголчууд XIY зуунд” нэртэй Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 9 дүгээр сарын 27-28-нд Наполи хотын Үндэсний номын санд Элчин сайд зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний бага хурлыг Элчин сайд Ц.Жамбалдорж нээж дэлгэрэнгүй үг хэлэв.

Бага хурал нь “Хятад ба Монголчууд”, “Төв Ази ба Иран дахь Монголчууд”, “Урлаг, уран зохиол” гэсэн сэдэв бүхий 3 дэд хуралдаанаас бүрдсэн болно.

Эхний дэд хуралдаанд Венецийн Ка Фоскари Их сургуулийн судлаач Франческо Кальцолайо “Монголчуудын эрхшээл дор байсан Еврази нь персчуудын өнцгөөс Хятадыг үзэж байсан уу”, Иерусалимын Хебрью Их сургуулийн судлаач Франческа Фиаскетти “Монголчуудын эрхшээл дор байсан Зүүн Ази дахь харилцаа холбоо, сүлжээ”, Наполи хотын Дорно дахин судлалын Их сургуулийн профессор Донателла Гуида “Мин Улсын эхэн үед алба хашиж байсан Монгол угсааны тушаалтнууд” сэдвээр тус тус илтгэл тавив.

Удаах дэд хуралдаанд МИУС-ийн проф. Д.Баярсайхан “Монголчуудад олзлогдсон Ганзакийн Киракос ламтны дуртгал”, Кембрижийн Их сургуулийн проф. Чарльз Мелвилль “Газан Хааны гэрээслэл”, Флоренцийн Санта Репарата Урлагийн Их сургуулийн проф. Лоренцо Пуббличи “Венеци, Киевийн Орос ба Монголчууд: XIY зууны үеийн Тана хот” сэдвээр тус тус илтгэл тавив.

Сүүлийн дэд хуралдаанд Ромын Сапьенца Их сургуулийн Проф. Франческа Манзари “XIY зууны Италийн гар бичмэлүүдийн номын чимэг зурагт тэмдэглэгдсэн Монголчуудын дүрс”, Кембрижийн Их сургуулийн проф. Фируза Мелвилль “Шахнама судар ба Монголын эрхшээлд байсан Иран дахь Монгол эмэгтэйчүүдийн дүрслэл”, Ромын Сапьенца Их сургуулийн судлаач Бруниьлде Бриганте “Fleur des histoires de la terre d’Orient гар бичмэлийн чимэг зурагт үлдсэн Монголчуудын дүрс”, Наполи хотын Дорно дахин судлалын Их сургуулийн проф. Микеле Бернардини “Бокаччогийн Декамерон зохиолд Монголчуудыг дүрсэлсэн нь” сэдвээр тус тус илтгэл тавив.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хааж Элчин сайд Ц.Жамбалдорж хэлсэн үгэндээ, ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулах эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэж, 2020 онд ЭСЯ зохион байгуулахаар төлөвлөж буй Монголын түүхийн томоохон үзэсгэлэнгийн бэлтгэлийг хангах, каталогийг бүрдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад судлаачидтай хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Эрдэм шинжилгээний бага хурал дээр судлаачдын тавьсан илтгэлүүдийг нэгтгэж Наполи хотын Дорно дахин судлалын Их сургуулиас 2018 оны эхэнд эмхтгэл болгон хэвлэхээр тогтов. CTBTO