ЛА СКАЛА ТЕАТРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж 9 дүгээр сарын 29-нд Италийн Ла Скала театрын Ерөнхий захирал Александр Перейратай Милан хотод уулзав. Элчин сайд, Ерөнхий захирал нар Монгол Улс, дэлхийд алдартай Италийн Ла Скала театрын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

А.Перейра захирал Монголд айлчлах урилгатайг Элчин сайд нотолж, манай дуурийн дуучид болон балетын жүжигчдийг тус театрт урт, богино хугацааны дадлага, сургуулилтад хамруулах, монголын шилдэг дуурийн дуучдаас дэлхийн сонгодог дууриудад энд дуулуулах боломжийг эрэлхийлэх талаар хөндөж ярилцлаа.

Ерөнхий захирал А.Перейра ирэх оны эхний хагаст монголд айлчлахаа нотлож, хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлэв.