ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Далайн захиргаа, Бүгд Найрамдах Итали Улсын Баруун Лигуриягийн тэнгисийн боомтын захиргаа хооронд далайн тээвэр, боомт ашиглалт болон ложистикийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, Италийн Баруун Лигуриягийн тэнгисийн боомтын захиргааны Ерөнхийлөгч Паоло Эмилио Сигнорини нар энэ 12 дугаар сарын 6-ны өдөр Женова хотод гарын үсэг зурав. Баримт бичигт гарын үсэг зурсны дараа Элчин сайд Ц.Жамбалдорж, Захиргааны Ерөнхийлөгч Паоло Эмилио Сигнорини нар хоёр орны хооронд далайн тээвэр, усан онгоц болон боомт ашиглалт, гааль, ложистикийн чиглэлийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Гарын үсэг зурахад Баруун Лигуриягийн тэнгисийн боомтын захиргааны маркетингийн асуудал эрхэлсэн захирал Силвиа Феррандо, “Studio Legale Damonte” хуулийн фирмийн захирал, хуульч Роберто Дамонте нар байлцав.