ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2017-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Италийн соёл, хэл сурталчлах асуудал эрхэлсэн захирал Роберто Веллано нар энэ 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт Ром хотноо гарын үсэг зурав.
Манай хоёр улс нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд 1973 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Соёлын талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд 4 жил тутамд Засгийн газар хоорондын хөтөлбөр байгуулж хэрэгжүүлж байхаар тохиролцсон байдаг.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2005-2008 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хөтөлбөр анх байгуулснаас хойш тодорхой бус шалтгаанаар байгуулагдахгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн хамтын ажиллагааны баримт бичгийг ийнхүү 2018 оны босгон дээр байгуулж чадлаа.
Засгийн газар хоорондын хөтөлбөрт гарын үсэг зурж ийнхүү өнөөдрөөс хүчин төгөлдөр болсноор хоёр орны хооронд эрдэмтэн, судлаач, багш, оюутан, мэргэжилтэн зэргийг харилцан солилцох, оюутны тэтгэлэг олгох, соёл, урлагийн үзэсгэлэн, тоглолт, арга хэмжээ хоёр талдаа харилцан зохион байгуулах зэргээр хоёр орны харилцааны олон салбарт хамтын ажиллагааг өргөн хүрээтэй хөгжүүлэх эрхзүйн таатай орчин бүрдэж байгаа юм.