ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу? Та бүгдийн амрыг эрэн мэндчилье.

Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд 1970 оны 6 сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон билээ. Өнгөрсөн онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиолоо. Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь Европын  гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явдал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 онд Итали Улсад хийсэн айлчалын үеэр Ром хотноо Элчин сайдын яамаа нээснээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, боловсрол зэрэг  салбарт улам өргөжихөд чухал хувь нэмэр болсон. Монгол Улс Ромд Элчин сайдын яамаа нээснээр тус хотод байрладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж бүрдсэн гэж хэлж болно. Тэр дундаа ноос, ноолуур, арьс шир, хүнсний жижиг үйлдвэрийн хөгжил, техник технологийн дэвшлээрээ дэлхийд тэргүүлдэг Итали Улстай манай улс олон сая мал сүргийн түүхий эдийн нөөцдөө тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломж бий.

2016 оны 7 дугаар сард Монгол Улсад Италийн Элчин сайдын яам албан ёсоор нээлтээ хийсэн. Манай хоёр орны нийслэл хотууд дахь ЭСЯ-д Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.    

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам нь тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжин туслах, хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой. Энэ утгаараа бид иргэн танд шуурхай үйлчилж, хэрэгцээтэй, шаардлагатай мэдээллээр цаг хугацаа алдахгүй хангаж байхын тулд өөрийн вэб хуудсаа шинэчлэн, аль болох өргөн цар хүрээтэй мэдээллийг байршуулахыг зорьж байна.

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам нь иргэддээ нээлттэй байж, таныг төрийн аливаа тусламж дэмжлэг авахад гүүр болж  хамтран ажиллахад бэлэн байна. Манай яамны вэб хуудсаар зочилсон эрхэм танд ЭСЯ-ныхаа хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСААС ИТАЛИ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ