Монгол Улсын харъяатаас гарах

ЭСЯ нь Монгол Улсын харьяатаас гарах асуудлыг "Харьяатын тухай хууль"-ийн дагуу шийдвэрлэнэ. Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчид доор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-д биечлэн ирнэ:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж гаргасан хоёр хувь өргөдөл. Өргөдөлд Монгол Улсын харъяатаас гарах болсон шалтгаан, Монгол Улс болон гадаад улсад ямар хугацаагаар аж төрж, ажиллаж, суралцаж байсан, аль улсын харъяат болох хүсэлтэй байгаа, эцэг, эх, эхнэр (нөхөр), хүүхэд нь аль улсын харъяат, тэд одоо хаана, юу эрхэлж байгаа, хүүхэдтэй бол хэзээ, хаана төрсөн, аль улсын харъяат байлгах талаар эцэг (эх)-тэй нь тохиролцсон тухай тодорхой тусгана;

Тавигдах шаардлага:

  • Өргөдлийн хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа гээд овог, нэрийг бичнэ, дараагийн мөрөнд он, сар, өдөр, өөрийнхөө оршин сууж байгаа газрын хаягийг бичнэ. Түүний дараагийн мөрөнд өргөдлийн агуулгыг бичиж, эцэст нь өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичиж гарын үсгээ зурах,
  • Өргөдлөө компьютерээр бичсэн тохиолдолд эцэст нь өөрийнхөө гарын үсгийг зурж, баталгаажуулсан байна.

2. Гурван үеийн намтар (үүнд: өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн намтар орно);

Тавигдах шаардлага:

  • Намтрын эхний мөрөнд тэр овогтой тэрний гурван үеийн намтар гээд 1-т өвөг эцэг, эмэг эхийнхээ, 2-т өөрийн эцэг, эхийнхээ, 3-т өөрийн болон эхнэр/ нөхрийнхөө намтрыг төрснөөс эхлээд одоог хүртэлх амьдралыг он, дэс дарааллаар нь нэг бүрчлэн бичиж, эцэст нь гурван үеийн хамтраа үнэн зөв бичсэн гээд өөрийн гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна.
  • Намтарт  бичсэн он, сар, өдөр, оршин суугаа газраа бичнэ.

3. Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет, Анкетыг хөр өнгийн бэхээр гаргацтай, үнэн зөв бөглөсөн байна;

4. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5. Бүгд Найрамдах Итали Улсад хэрэглэж байгаа бичиг баримтын хуулбар;

6. Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтээ гадаадад бүртгүүлсэн бол гэрчилгээний орчуулга;

7. Харъяатаас гарахыг зөвшөөрсөн эцэг, эхийн зөвшөөрөл; Зөвшөөрөлд эцэг эх нь хоёул гарын үсгээ зурах ба гарын үсгээ нотариатаар гэрчлүүлэн, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбаруудаа хавсаргана. Эцэг, эх нь нас барсан бол нас барсан тухай Монгол улсын холбогдох байгууллагын тодорхойлолт;

8. 16 хүртэлх насны хүүхдийн иргэний харъяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг, эхийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн тохиролцоо, 16 хүртэлх насны хүүхдийн нотариатаар гэрчлүүлсэн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээ нь гадаад хэлээр бол гэрчилгээний орчуулга;

9. 16-18 хүртэлх насны хүүхдийн харьяаллыг өөрчлөх тохиолдолд иргэний харьяаллаа өөрчлөх талаар тухайн хүүхдээс бичгээр гаргасан зөвшөөрөл, нотариатаар гэрчлүүлсэн гарын үсэг, Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, гадаад хэлээр бол орчуулга;

10. Монгол Улсын иргэний харъяаллаас гарсан тохиолдолд өөрийн харъяаллыг олгохыг зөвшөөрсөн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт;

11. Шүүх, цагдаа, татвар, банкны өр барагдуулах алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, төрийн сургалтын сангаас өр төлбөр, нэхэмжлэлгүй болох тухай тодорхойлолт;

12. Амьжиргааны эх үүсвэрийн талаарх тодорхойлолт (Ажил эрхэлдэг, цалин, орлоготой болох тухай ажил, тэтгэлэг олгогчийн нотолгоо, тодорхойлолт, орчуулгын хамт);

13. Зураг 3 хувь (4х6 см хэмжээтэй);

14. Үйлчилгээний хураамж. Дээр дурдсан баримт бичгүүдийг нотариатаар гэрчлэхэд нотариатын үйлчилгээний тарифаар хураамж төлнө. / банкаар тушаасан байна./

Эдгээр бичиг баримтыг бүрдүүлж өгсөний дараагаар ЭСЯ таныг өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд хүргүүлж шийдвэрлүүлэх болно.

Жич: Монгол Улсын харьяатаас гарах, Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Гадаадын иргэн харьяатын албаны цахим хуудсанд хандан дараахь хаягаар www.immigration.gov.mn орж үзнэ үү.